Saturday, July 14, 2012

Монголчуудын наадам

                                                
                                                         "Монголчуудын наадам"

 Тэмдэглээд удаагүй байгаа улс хувьсгалын ой, саяхан Өвөрхангайд болж өнгөрсөн шашны наадмыг яг ингэж хашилтанд авмаар санагдав.Наймдугаар сард бүү наадаарай хэмээн төр, засаг нь албан ёсны шийдвэр гаргаж байхыг бодохул монголчуудыг амсхийлгэж, ажлаа бод гэснийх.Монголчууд нульдаа ядуу, лав хүн амын 40 хувиас давсан, хоёр идэхгүй хоосон хонохгүйчүүдийг нэмбэл бараг 90 хувьдаа дөхнө.Гэсэн мөртлөө баяр наадамд нульдаа дуртай.Энэ бол талын нүүдэлчний уран сайхны мөрөөдөл баяр ёслолоор нь илэрч байгаа хэрэг бололтой.
Ядуу хэрнээ баяр наадам дөхөхөөр урагшаа Эрээн рүү аваачаад өч төчнөөн саяар нь ам.доллар тэр хотын санд хандивлаад бэлэгний юүхэн хээхэн аваад ирдэг гэж байгаа.Уг нь ухаан зарж бодвол тэр их мөнгөндөө харамсаж үхмээр, гэтэл манайхан юун харамсах, ихээхэн маадгар явна гээч.Жишээ нь "Цагаан сар" хэмээх үндэсний нэгэн баяр ийм үргүй зардлын сонгодог жишээ нь.Энэ гайт цэнгүүн хэзээ юунаас үүдэлтэй, хэн хэрхэн санаачлаад энэ ард түмнийг сөхөртөл баярлуулсныг түүх сөхөж мэтгэлзэх гэсэнгүй.Гэхдээ юуны тулд, ямар ирээдүйг бэлгэдэж ингэж баярлаж сайрхаж явна вэ ? Нэгэнтээ л шашин, ёс заншлаа дагаад цагаан сар хийх ёстой юм бол Христосын мэндэлсэн өдрөөр шинэ жил гэж хөөрцөглөх хэрэг байна уу ? Нөгөө нэг зүйл.ТҮРҮҮЛСЭН БӨХ, ТҮРҮҮЛСЭН,АЙРАГДСАН морьдын хөлс рүү үхэн хатан дайрцгаах нь тэр баяр наадмынх нь оргил үзэгдэл гэмээр.
Ядуурч доройтож, унаж яваа тэр үндэстэн баяр ёслол, найр наадамд дарагдан, үндэсний соёлоо бусдын дээгүүрт гаргаж тавьж сагсуурдаг жам ёсны тухай гадны нэгэн мэргэн хүн айлдсан нь нүднээ яалт ч үгүй буух шиг.Цагаан сар гэлтгүй, аливаа баяр ёслол, найр цэнгүүн хар аяндаа бий болоогүй, харин нийгмийн шалтгаантай гэнэ.ЯДуу дорой, эсвэл шилжилтийн үед яваа, эсвэл эрх баригчид нь тэгэхээс тэгэх гэж найр наадам, дуу хуурааар ард түмнээ бялхуулж байдаг тухай хувилбарыг ч гадаадын судлаачид ганцгүй ярьж бичсэн нь бий санж.Ерөөсөө хөгжил нь тэгшрээгүй, амьдрал нь сайжраагүй, хүмүүс нь цэгцрээгүй бол наадам маягийн баяр заавал дагалдан хавтгайрдаг ажээ.
Учир нь хүмүүс эрсдэл, стрессээс гарах ёстой.Оюунлиг амьдралыг нүүдэлчиний сэтгэлгээ нь үздэггүй, оюунлиг ба урлаг уран сайхны хооронд зарчмын ялгаа байхгүй.Монголд бол баяр ёслолын цаад хязгаар заагийг тогтооно гэдэг тун амаргүй.Үүнийг нотлох жишээ нь жил бүрийн цагаан сарын өмнөх телевизийн үр дүнгүй ухуулгаас голд ортол харагддаг.Цагаан сараар цамаан загнаад яах юм гэсэн шүү сурталчилгаа МҮТВ-ээр хийхчээн болсныг манайхан ётой хуц гэцгээх.Цэгцлэх ухаантай юм ярьсныг нь <<хари тэгвэл>> гэсэн шиг Эрээн рүү явдаг долларын урсгалыг бүр гааруулж өгнө гээч.
Ядуу хүн л хамгийн баярхуу байдаг гэдэг жам манайд бүр ч нотлогдох мэт.Наадмын үеийн гоёо, гангараа, бай бэлгийн өрсөлдөөн, түүнд тавьж буй монгол хэмжүүр бол тийм баярхлын хөгийн жишээ мөнөөсөө мөн.Нэгэн ТВ-ээр хэн олон бууз идэх, хэн сайн мах мөлжих уралдааныг бөхчүүдий дунд зохиож харагдав.Хөндлөнгийн үзэгч дотор нь бялуурмаар тэр тэмцээн монгол үндэстний үндэсний доромжлол гэж гадныханд буухаар байна.Саяхны Өвөрхангайн шашны наадам, 1000 ламын хурал, сан тавьж буй энэ олон лам, ул боовоо Далай ламаар овоглон борлуулж байгаа гэхчлэн хөгийн үзэгдэл бол бүхэлдээ ядуурч доройтож, унаж сүйрч яваа үндэстний шашны зан үйл, шашны нэрээр хийдэг ядмагхан бизнес нь гэж буух бус уу.Хэрэв сан тавиулж, ном хуруулж, тахилга үйлдсэн тоогоороо өрсөлддөг бол  монголчуудын урд орж гишгэх өөр үндэстэн дэлхийд байхгүй, ёстой л цэцэглэн мандаж, дэвжиж бадарч баймаар.Гэтэл Монголчууд бултаараа ядуу.....
Буддист иргэншилтэй, шарын шашны улс юм бол түүгээрээ байж, европын энэ их соёлыг баяр ёслолтой нь хазаарлаж , шашин нь хүн ардынхаа сэтгэл зүрхийг захирдаг болбол ядаж нийгэм маань тогтвортой, айх аюулгүй суухсан.Тэр олон хуврага, зурхайч, үзмэрчид нь даншиг наадам, эсвэл цагаан сараар ганц амилаж, цойлж цамнаж байхын оронд энэ олон ядуус, эрүүгийнхнийг байлдан дагуулаад , цагдаа шүүхийн төсөв зардлыг хэмнээд өгвөл мөн ч сайнсан.Цагдаа, лам, хулгайч тэжээсэн энэ Монгол баяр наадам, бөх мориороо хорвоог туулна гэвэл мөн ч том эндүүрэл шүү.Нэгэнтээ шашин, зан үйл нь нийгмээ тэтгэж, айлгаж хүчрэхгүй бол шашны энэ их мухар сүсэг, хэлбэрдэлтээс зайлж гүйцэд европжих ёстойсон.Төр засгийн тэргүүн нь Манжийн амбаны шар хамбан дээлээр гоёж, манжийн хааны ээтэн гутал жийж, тэгснээ Чингисийн жанжныг санагдуулам төмөр тольтой лут бүс зүүсэн гэхчлэн яг л хятад кинонд гардаг түүхэн баатар мэт.Нөгөө л ядуугийн цаадахи гоёж гоодох өнгөний өвчин явж байна.
Ядуугийн энэ их гай, гачлан улс төр дээр нь очиж наалдахаар их сонин дүр зураг харагдах вий.Барагдашгүй их ой, баяр ёслолтой зэрэгцээд хөврөх энэ их өргөмжлөл, алдартан, одон медалийн урсгал тасрахгүй, мал адгуустаа одон зүүхийн наагуур.Энэ бол мөн л ядуугийн цаадахи тоон ба хэлбэрийн үзэгдэл мөн.Угаасаа нүүдэлчний ганцаардлын сэтгэлгээ, дээр нь  ядуугийн гай нь хослоод эргэн тойрон алалдах их дайсны сэтгэлгээ тогтсон, нөгөөхөө ардчилалтайгаа холбочихсон, тэгээд дайсан нөхрийн эрэлд зэрэг хатсан, тийм л улстөрчид Монголоор дүүрэн.Дайсны тоо төдийчинээ их байх тусам нөхрийн тоо төдийчинээ байх ёстой гэдэг мухар сүсгээр Монголын улс төрчид амилдаг ба улс төрийн сонгууль нь яг зарлаагүй иргэний дайн мэт уур амьсгалд  болж өнгөрдөг.Наадмаар дээл, хөөрөг, уясан мориороо баярхдаг шигээ улс төрд баярхах хөөрхий энэ философиор <<намын гишүүний тоо>> гэж нэг гайт үзэгдэл шүгэлсэн юм.Улс төрийн намууд нь гишүүд дэмжигчдийнхээ тоогоор өрсөлдөх нь нөгөөх шар хамбан дээл, түүний өнгөөр үзэлцэхийн нөгөө хэсэг тал нь шүү дээ.
Ядуугийн гай ийнхүү явсаар монголчуудын ямагт талцуулахын дон руу хөтөлжээ.Энэ талцал, түүний цаадахи тоон ба хэлбэрийн өрсөлдөөн, барагдашгүй баяр наадам, дуу хуур, барагдашгүй их ядуурал, бүгд нийлээд XXI зуунд Монголыг дэлхийн хамгийн марзан үзмэр болгох дөхөж байна.Аливаа улс үндэстэн өөдлөн дэвжье гэвэл эхлээд бизнесийн эрх зүйн орчин, бизнесчид, оюунлиг хэсэгтээ мөнгө хаяж тойлох хэрэгтэй.Мөнгөний асар их хуримтлал бий болгож, түүнээ нийгэмдээ тэгш хуваарилсан цагт баяр ёслол, урлаг уран сайхны наад захын элементүүдийг үүсгэж, шашнаа хөгжүүлдэг Зүүн Азийн тэр хууль манайхаас даанч хол.Нийгмийг ямагт харанхуй байлгаж, тэгэхдээ урлаг уран сайханд нь живүүлж, тэгснээрээ улс төрийн тогтвортой байдлыг хангадаг Өмнөд Азийн туршлага манайд арай баймгүй, тэгэхдээ дөхсөн.Хүн ард нь бүрэн хотжоод ардчилал, зах зээл, бие хүний дээдлэл, шашин, урлаг нь хосолсон Европын туршлага бидэнд арай ахдана.Өөр зам байна уу ? Ядуу байж уран сайхандаж ханахгүй, бүтээхгүй байж шагнаж шагнагдаж баршгүй, жаргалгүй байж баярлаж ханахгүй, хотын агаар нь дэлхийн хамгийн бохирт тооцогдох, тэгснээ хосгүй онгон байгаль гэж шүлэглэх.....
Ийм  хөөрхийлөлтэй Монгол дэлхийд торойж үлдэх нь байна шүү. 2005.08.01

( Энэ миний бичсэн нийтлэл биш болно. Нийтлэлч Баярхүүгийн - н нийтлэл )

No comments:

Post a Comment

Blogger Widgets